Хүн бүр нэг зул бадраая

Rev. Nichiko Niwano
President of Rissho Kosei-kai

Харанхуй гэж халаглахын оронд

Одоо ч гэсэн дэлхийн олон газарт дайн байлдаан, дарангуйллаас болж хүмүүс зовж шаналсаар байна.

Ромын Католик сүмийн Ариун Пап XIV Лео энэ хавраас хойш дэлхийн бүх улс орны удирдагчдад хандан “Дайныг зогсоож, энх тайван, эвлэрлийг бий болгохын төлөө хичээн зүтгэцгээе” хэмээн уриалж, “Өөрийгөө хийгээд өнгө мөнгийг шүтэхээ зогсооё. Эрх мэдлээ гайхуулахаа больё. Жинхэнэ хүч чадал амьд бүхний төлөөх хичээл зүтгэлээр илэрдэг” гэж онцлон хэлсэн.

Гэвч Папын хэлсэн энэхүү уриалгыг шүүмжлэн буруушаах төрийн тэргүүн хүртэл байгаа ба ийм зүйл урьд өмнө сонсогдож байгаагүй билээ. Хүнд заяасан сэтгэл зүрх, ярьж хэлэлцэх чадвараа тэмцэл, үл ойлголцлыг бий болгоход ашиглаж байгаа нь харамсалтай.

Бид ийм нөхцөл байдлыг халаглан харж, хөндлөнгөөс ажиглан суухаас өөр юу ч хийж чадахгүй юм шиг санадаг. Дэлхий ертөнцийн ирээдүй тодорхойгүй, түнэр харанхуй санагдавч хүн бүрт хийж чадах зүйл бий гэдгийг хүчтэй сануулсан нэгэн сургаал үг байдаг.

Дорнын сэтгэгч хэмээн алдаршсан Ясүока Масахиро гуайн “Ганц зулын гэрлээр алд газрыг гийгүүлнэ. Түмэн зулын гэрлээр алив бүхнийг гийгүүлнэ” гэх үг юм.

Тэрээр “Харанхуй гэж халаглахын оронд нэг зул асаая. Эхлээд өөрөө эргэн тойрноо гэрэлтүүлэх нэгэн гэрэл болъё. Өчүүхэн жижиг байсан ч хамаагүй, нэг буланг ч болов гэрэлтүүлье. Чадах чинээгээрээ, хүрч болох газар бүртээ зул бадраая. Нэг хүн нэг гэрэл болвоос түмэн хүн түмэн гэрэл болно. Япон орон тэр даруй гэрэлт орон болно. Бидний булан бүрт бадраасан зул, түмэн зул болж хорвоог гийгүүлнэ. Хамтдаа, чин сэтгэлээсээ дэлхий ертөнцийн сайн сайхны төлөөх үйлд хичээн зүтгэцгээе” гэж уриалсан.

Энд дурдсан “Япон орон” гэсэн хэсгийг одоо бол “Дэлхий ертөнц” гэж ойлгох нь илүү тохиромжтой биз ээ.

Мөн “дэлхий ертөнцийн сайн сайхны төлөө үйл хийх” гэдэг нь ганцаараа ямар нэгэн том өөрчлөлтийг авчрах тухай биш, миний өнгөрсөн сарын дугаарт дурдсан “Өрөөлийн төлөө асаасан дэнлүү” гэсэн санаатай адил өдөр тутмын жижигхэн үйлд уриалсан үг гэж бодож байна.

Ромын Ариун Пап мөн ингэж хэлжээ: “Өчүүхэн л сүсэг бишрэлтэй байхад, хүн болохынхоо хувьд хүн зонтойгоо хамт түүхийн энэ донсолгоотой цаг үеийг даван туулж чадна.”

Хүн бүрийн өдөр тутмын жижигхэн үйлдэл алд газрыг гийгүүлэх гэрэл болж, тэрхүү гэрэл хэдэн зуун сая, хэдэн тэрбум болох цагт түнэр харанхуй сансрын уудамд цэв цэнхэр гэрэлтэх дэлхийд яг л зохисон гэрэлт ирээдүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүрч болох газар

Дээрх “Чадах чинээгээрээ, хүрч болох газар бүртээ зул бадраая” гэсэн мөрт нь өдөр тутамдаа хийх боломжтой жижигхэн өглөгийн үйл тань харанхуй нийгмийг гэрэлтүүлэх гэрэл болно гэсэн утгатай.

Ингээд бодоод үзэхээр тус нийгэмлэгийн Их дагагч Наганүма Мёокоо багштаны амин өдрийн “Ачийг хариулах ёслол” энэ сарын 10-нд тохиож байгаа нь зүгээр ч нэг тохиолдол биш мэт санагдаж байна.

Мёокоо багштан учирсан хүн бүрийг төрүүлж өсгөсөн хүүхэд шигээ санаж, хатуу боловч халуун дулаан сэтгэлээр зааж сургадаг байсан гэдэг. Тэрээр яах аргагүй “Хүрч болох газар бүртээ нэгэн зулыг бадраая” гэсэн сургаалын бодит жишээ бөгөөд хэцүүдсэн хүнтэй таарвал идэх хоол, хөдрөх хөнжил, мөнгө төгрөг, өмсөж байсан хувцсаа хүртэл эргэлзэх зүйлгүй өгч, энэрэн нигүүлсэх үйлийг тууштай хэрэгжүүлсэн билээ.

Тэрээр аливаа бүхнийг “Бурханаас заяасан зүйл” хэмээн хүлээн авч, гэрэлт зулыг бадраасаар ирсэн. Тэгвэл бидний хувьд “хүрч болох газар” гэж юу вэ? Мэдээж гэр бүл, цаашлаад хөрш айл, галт тэрэг, автобусанд зэрэгцэж суусан хүн, дэлгүүрийн кассанд өмнө, хойно тань дугаарлан зогсох хүмүүс бол таны хүрч болох хүрээлэлд багтах хүмүүс юм.

Тэдгээр хүмүүстэй инээмсэглэн харилцаж, талархаж, мөн хэцүүхэн байдалд орсон хүнд тусламжийн гараа сунгах нь эргэн тойрноо гийгүүлэх зулын гэрэл болно.

Гэр бүлээ халамжлах, талархлаа илэрхийлж байх нь айл гэрийг гэгээлэг, дулаахан болгох зул болдог бол зовлон бэрхшээл дунд зүдэрч яваа алс нутгийн зон олны төлөөх залбирал ч гэсэн гайхамшигтай нэгэн зул мөн. Түүнчлэн улс орон, үндэстэн ястан, шашны ялгаанаас үл хамааран дэлхийн бүхий л хүн энх тайвны зулыг бадраахыг хүсэн залбирч байгаа нь дамжиггүй. Үүсгэн байгуулагчийн “Өрөөлийн төлөө асаасан өчүүхэн газрыг гийгүүлэх зул хэзээ ч бөхдөггүй” хэмээх сургаалын дагуу бид ч гэсэн шантарч хойш суулгүй дор бүрнээ чадах зүйлээ үргэлжлүүлэн хийцгээе.