Яг одоо нэг зул бадраая

Та бүхэн сайн байцгаана уу?
“Дэлхий энх тайван болоосой” гэж олон хүн хүсдэг боловч дэлхийд болж буй үйл явдал хэтэрхий том учраас би ганцаархнаа юуг ч өөрчилж чадахгүй гэж бодох хүн ч гэсэн олон байдаг нь бодит байдал.
Би ажилдаа жижигхэн мотоциклоор явдаг юм. Нэг өдөр улаан гэрлээр зогсож байтал тэргэнцэртэй хүн замын хашлагаар гарч чадахгүй хэцүү байдалд оров. Тэгтэл нэг сурагч шуудхан хүрч ирээд тэргэнцрийг түрч өгч тусалсан юм.
Эргэн тойрны хүмүүс ч гэсэн сэтгэлээрээ дэмжин энэ дүр зургийг харж зогссон ба тэргэнцэр амжилттай замаас гарах мөчид тэр хавьд халуун дулаан уур амьсгал түгэв.
Тэр сурагч дэлхийн энх тайвны төлөө гэж бодож үүнийг хийгээгүй, зүгээр л хэцүү байдалд орсон хүнд тусалсан төдий. Гэвч тэрхүү үйл нь нэг хүнийг авраад зогсохгүй, эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлд ч гэсэн гэрэл асаасан юм. Энэ сард Нивано ерөнхийлөгчийн айлдсан “Харанхуй гэж халаглахын оронд нэг зул бадраая” гэдэг нь яг л үүнийг хэлэх болов уу.
7-р сард болсон их газар хөдлөлтөөр гарз хохирол амссан Күмамото мужийн иргэдэд туслахаар олон хүн “миний тус болж чадах зүйл байна уу” хэмээн санаа тавьж, өөр өөрсдийн боломжоороо тусламж дэмжлэг үзүүлж байна. Бидний эргэн тойронд ч гэсэн сайн харах юм бол эд материал, сэтгэлийн тусламж хэрэгтэй хүмүүс бий.
Гэр бүл, ажлын хамт олондоо “баярлалаа” гэж хэлж, танихгүй хэн нэгэн рүү инээмсэглэн харж, хүний яриаг дуустал нь анхааралтай сонсох, энэ бүхэн нь жижигхэн зулын гэрэл боловч энэ гэрэл нэг хүнээс нөгөөд дамжсаар гэр бүл, нийгэм, дэлхий ертөнцийг гийгүүлэх гэрэл болох юм. Дэлхийн энх тайвны төлөөх нэг алхам нь тээр холын мөрөөдөл биш “яг одоо” таны асааж чадах нэг зулын гэрлээс эхэлнэ.