Амьдрал ба үхэл нь гайхамшигт хуулийн нэг хэсэг – 1
Rev. Nichiko Niwano
President of Rissho Kosei-kai

“Үхэл”-ийг даван туулах
Үүсгэн байгуулагч буддизмын амь насны тухай үзэл, үхэл гэдэг зүйлийн талаар айлдсан айлдвартаа “Бурханы зам мөрийн нэг чухал зорилго бол төрөх, өтлөх, өвдөх, үхэх зовлонгоос гэтлэх юм” гэж хэлсэн байдаг.
“Үхэл” гэдэг хүний амьдралын нэг том хэсэг учраас “хүн үхсэний дараа яадаг юм бол?”, “үхэхээс айж байна”, “үхмээргүй байна” гэсэн айдас түгшүүр хийгээд зовлонг гэтлэх буюу даван туулах нь үнэхээр л бурханы зам мөрийн нэг чухал зорилго болдог. Ийнхүү зовлонг гэтлэн сэтгэлийн амгаланг олохын зэрэгцээ өөрийн хийгээд өрөөлийн сайн сайхны төлөө бие сэтгэлээ өнгөлөн зүлгэж сайжруулах нь бурханы зам мөр болно.
Энэхүү бурханы зам мөрийн нэг чухал сэдэв болох “амьдрал ба үхэл” гэдгийг бид хэрхэн хүлээж авах хэрэгтэй вэ? Миний хувьд үхэл гэдгийг жишээлбэл “орчлонгийн аугаа амь” хэмээх эх нутаг руугаа буцах явдал, амьдрал гэдгийг онолын физикч эрдэмтэн Сажи Харүо гуайн үгнээс эш татан хүмүүс бидний амь нас бол сансар огторгуйтай нэгэн бүхэл бөгөөд “онолын хувьд бид өдөр бүр мөнх орчлонгийн нэгэн хэсэг болон амьдардаг” гэж тайлбарлаж, амь насны тухай үзлийг та бүхэнд дамжуулж ирсэн.
Цагаан лянхуа сударт сургадагчлан “амь нас” гэдгийг сансар огторгуй талаас нь харах юм бол бидний амь нас орчлон ертөнц үүссэн цагаас авхуулаад ирээдүй рүү үргэлжлэх “мөнх орчлон”-ын нэг хэсэг юм. Ийн хүлээж авах юм бол үхэл гэдэг айдас биш болж, гаслан зовлон, сэтгэлийн шаналал ч гэсэн зөөлрөх болов уу.
Үхэлтэй нүүр тулж, Бурханы хэмжээлшгүй амь насны талаар айлддаг Цагаан лянхуа судрын сүсэг бишрэлийн ачаар амьдрал үхлийн зовлонг даван туулсан хүн гэвэл яруу найрагч Мияазава Кэнжи гэж хэлж болно. Мияазава гуай “Би хэзээ нэг өдөр яван одно, өнөөдөр эсвэл маргааш” хэмээн тэрлэсэн шүлэгтээ “Би нас эцэслэснийхээ дараа огторгуйн хоосон руу буцна, тэгээд дахин өөрийгөө олох буй за… Тэрхүү тулгуур хуулийн нэрийг Гайхамшигт Ном Лянхуа Судар хэмээмүй” хэмээн бодол санаагаа илэрхийлсэн байдаг. Хүн өөд болсны дараа сансар огторгуй хэмээх аугаа амьтай эргэн нэгдэж, улмаар дахин төрнө гэж Цагаан лянхуа сударт өгүүлдэг гэсэн байна.
Цагаан лянхуа судраар дамжуулж “мөнх орчлон”-той нэгэн бүхэл гэдгээ ухаарч, өвчин зовлонгоо даван туулсан Мияазава гуай “Амьдрал бол гайхамшигт хууль, үхэл ч гэсэн гайхамшигт хууль” хэмээн үргэлжлүүлэн өгүүлжээ. Өвчин зовлонтой амьдрал ч, ойртон ирж буй үхэл ч гэсэн гайхамшигт хууль (орчлонгийн хууль) өөрөө гэж хүлээж авсан гэсэн үг биз ээ.
Бид мөнх орчлонтой нэгэн бүхэл
Мияазава гуай энэ шүлгийг 1929 оны 2-р сард бичсэн гэхээр өөд болохоосоо 4 жилийн өмнө 33 настай байсан гэсэн үг юм. Ийм залуугаараа амьдрал үхлийн талаар энэ мэт гүнзгий ойлголттой болох хүн ховор. Энэ хэмжээнд хүрэхэд мэдээж хэрэг Цагаан лянхуа судрын сургаал нөлөөлсөн нь дамжиггүй.
Хүн өөд болоод хаашаа явдаг болох, яах эсэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ л яг одоо ч тэр, нас эцэслэснийхээ дараа ч тэр мөнх орчлонтой нэгэн бүхэл оршно гэхээр сэтгэл тайвширна. Гайхамшигт Ном Лянхуа Судартай учирснаар үүнийг мэдэж авсан Миязава гуайн баяр баяслыг, ижил сүсэг бишрэлтэй бид ч гэсэн мэдрэх боломжтой биш гэж үү.
Миний хувьд өмнө “Амь насны эх үндэс рүүгээ амар амгалан буцан одсон Үүсгэн байгуулагчийн дүр төрхийг хараад, ингэж сүүлийн мөчтэйгөө нүүр тулах юмсан гэж үхлийн талаар уужуу тайван боддог болсон” гэж хэлж байсан. Энэ бол ухаант мэргэдийн амь насны талаарх сургаал, сүсэг бишрэлийн ач буян билээ.
Үхэл гэдэг хэнийг ч ялгалгүй ирдэг бөгөөд санаанд таарсан үхэл гэж ер нь байхгүй биз. Тийм ч учраас “төрөх, өвдөх, өтлөх, үхэх зовлонг гэтлэх” нь амьдралын томоохон зорилго болох юм. Түүнчлэн хүн бүхэн үхэлтэй нүүр тулах учраас яг одоо амьд мэнд байгаадаа талархаж, тэрхүү “яг одоо” гэсэн цаг хугацаандаа олон хүнтэй нөхөрлөж сайхан амьдрах шиг жаргал үгүй билээ.
Өнөөгийн ертөнц сансар огторгуй үүссэн цаг мөчөөс тасралтгүй үргэлжлэх мөнх орчлонгийн урсгал дунд оршиж байгаа ба бид юуны тулд яг одоо энэ ертөнцөд төрөх, өвдөх, өтлөх, үхэх зовлонг туулан амьдарч байгаа юм бол? Энэ талаар дараагийн дугаарт хамтдаа бодож үзэх болно.