Амьдрал ба үхэл нь гайхамшигт хуулийн нэг хэсэг – 2

Рисшо Косей Кай, ерөнхийлөгч
Нивано Ничикоо

Үүсгэн байгуулагч мэндэлсний 120 жилийн ойн бодол

Энэ жил Үүсгэн байгуулагч мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа гэдэг утгаараа нэг хүн “Тус нийгэмлэгийн гишүүд Үүсгэн байгуулагчийн ямар үг, ямар үйлдэл, ямар үзэл санааг өвлөн авч үлдэх ёстой вэ?” гэж асуусан юм. Би өөрийнхөө бодлыг шулуухан ингэж хэлсэн:

“Хүн бүрийн зан ааш, онцлог, амьдрал өөр байдаг юм чинь Үүсгэн байгуулагч бол Үүсгэн байгуулагчаараа, бид ч гэсэн өөр өөрийн онцлог чанараа ашиглан хүнд тустай хүн болох чухал биш гэж үү”.

Шагжамүни бурхан шавь нартаа “Өөрөө зул мэт гэрэлтэж, Номыг зул мэт дээдэлбэл зохино” гэж захисан. Тиймээс бид Үүсгэн байгуулагчийн ачаар учирсан бурхны Ном хийгээд бурханлаг мөн чанарыг тээсэн өөртөө түшиглэж, өөр өөрсдийнхөө боломжит арга замаар эргэн тойрондоо гэрэл гэгээ, нинжин сэтгэл, халуун дулаан уур амьсгалыг түгээх чухал билээ. Гэвч бид “Өөрөө зул мэт гэрэлтэж, Номыг зул мэт дээдлэх” чухал гэдгийг ойлгож байгаа хэрнээ шунал хүсэл, уур уцаарын улмаас бие сэтгэлээ хянах цэнзүүрээ алдах үе цөөнгүй байдаг. Тиймээс “Үүсгэн байгуулагчийн мэндэлсэн өдрийн ёслол” зэрэг тэмдэглэлт өдөр төдийгүй ямар ч үед Цагаан лянхуа судрын үзэл санааг санаж, өдөр бүрийг өөдрөг, урам зоригтой өнгөрүүлэх дадал чухал ба ийнхүү өөрийгөө удирдаж, эргэн тойрноо үргэлж гэрэлтүүлж амьдрах сан гэж боддог юм.

Би өмнөх сарын дугаарт “Бид сансар огторгуй үүссэн цаг мөчөөс авхуулаад мөнх амь насыг туулж байгаа” гэж хэлсэн. Тэр цаг хугацааны нэг хэсэгт бид энэ хорвоод хүн болж мэндлээд байгаа билээ. Гэхдээ энэ цаг хугацаа бол тасралтгүй үргэлжлэх мөнх амь насны өчүүхэн хэсэг, эрт дээр өнгөрсөн цаг үеэс ирээдүй рүү үргэлжлэх цаг хугацааны дунд орших өчүүхэн жижигхэн гэрэл мэт зүйл билээ.

Тэгвэл бид юуны учир тэр хэсэгхэн хугацаанд “зовлонт сав ертөнц” гэгдэх энэ ертөнцөд хүн болж мэндэлсэн юм бол?

Цагаан лянхуа сударт хүмүүс бид энэ хорвоод өөрөө хүсэж төрсөн гэж гардаг. Юу хүсэж төрсөн бэ гэхээр, Бурханы хүслийг тээн, зовж шаналах хүмүүсийг аврах юмсан гэсэн хүслээр энэ ертөнцөд мэндэлсэн юм. Тэгэхээр “өөрийн болон өрөөлийн зовлон үгүй болоосой” хэмээн бурхны зам мөрийг эрэлхийлж, “бүгдээрээ эв найртай, аз жаргалтай амьдрах дэлхий ертөнцийг бүтээх юмсан” хэмээн бурхны үйлд хичээх нь бидний амьдралын утга учир бөгөөд хүн болж төрсний утга учир гэж ойлгож болно.

Мөн энэ ертөнцийг “сүнсээ хөгжүүлэх зорилготой түр зуурын газар” гэж илэрхийлэх хүн байдаг ба энэ нь миний байнга хэлдэг “Хичээ хичээ үхэн үхтлээ хичээ, дараа төрөлдөө бас дахин хичээ” гэсэн амьдрал, амь насны үзэлтэй нийцэх юм шиг санагдана. Хүмүүс бидний хувьд энэ амьдрал гэдэг зовлон, жаргалыг мэдэрч, хүний хувьд өсөж хөгжих нандин зүйл, нандин цаг хугацаа.

Дахин хэлэхэд энэ амьдрал бол мөнх үргэлжлэх амь насны өчүүхэн нэг хэсэг юм. Тэр богинохон цаг хугацаанд хүний амьдрал тэр чигээрээ багтдаг гэж өмнөх дугаарт танилцуулсан Сажи Харүо гуай хэлсэн байдаг. Нандин амь насыг хүртэж, өөрөө хүсэж энэ ертөнцөд мэндэлсэн гэж бодохоор биеэ тоох өчүүхэн бодол, ашиг хонжоо харах сэтгэлдээ автагдаж байх зав бидэнд байхгүй. Учир нь Мияазава Кэнжи гуайн “Дэлхий ертөнц бүхэлдээ сайн сайхан болохгүй л бол хувь хүн аз жаргалтай болно гэж байхгүй” хэмээх үг, бодьсадвагийн үзэл санааг санаж, эелдэг нинжин сэтгэлээ марталгүй, нэг цаг үед хамт амьдарч буй хүмүүст баяр хөөрийг бэлэглэж амьдрах нь бид энэ дэлхийд хүний амь насыг хүртсэний утга учир билээ. Яруу найрагч Күбота Үцүбо гуай “Шагжамүни бурхан хийгээд Есүс Христ хүмүүний сайн сайхны төлөө хүн өөрийгөө сансар огторгуйн үүднээс харах хэрэгтэй хэмээн сургасан” гэж хэлсэн байдаг. Ийнхүү томоор харж, амь насны өнө мөнх, урт удаан болохыг ухааарах ахуйд хүн амьдрал, үхлийн зовлонг даван туулж, амь насаа утга учиртай ашиглаж амьдрах биз ээ.

“Косей” сэтгүүл, 11-р сарын дугаараас